НӨАТ буцаан олголт
Албан татварыг буцаан олгох
15.1.Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно:
15.1.1.албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр ирүүлнэ;
15.1.2.харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
15.2.Албан татвар төлөгчид дараах хэлбэрээр урамшуулал олгож болно:
15.2.1.энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох;
15.2.2.сугалааны тохирлоор.
15.3.Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно:
15.3.1.албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;
15.3.2.худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;
15.3.3.албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;
15.3.4.бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.
15.4.Татварын алба нь энэ хуулийн 15.2.1-д заасны дагуу тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
15.5.Дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг буцаан олгоно.
15.6.Энэ хуулийн 15.5-д заасан буцаан олголт авах этгээд тухайн сард дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг буцаан авах хүсэлтээ холбогдох баримтын хамт дараа сарын 10-ны өдрийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
15.7.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
15.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана.
15.9.Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15.1, 15.2.1, 15.5-д заасан буцаан олголтыг хянан баталгаажуулах, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.10.Энэ хуулийн 15.2.1-д заасан буцаан олгох татварын хэмжээг төлбөр тооцооны хэлбэрээс хамааруулж, 15.2.2-т заасан урамшууллын хэлбэр, түүнийг явуулах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.11.Энэ хуулийн 6.7-д заасан этгээд нь албан татварын хасалт хийлгэх буюу илүү төлсөн татварыг буцаан авах эрхтэй.
15.12.Өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргасан бол албан татварыг сар бүр, бусад албан татвар төлөгчийн албан татварыг улиралд нэг удаа улсын төсвөөс буцаан олгоно.
15.13.Буцааж олгох албан татвар болон урамшуулал нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн сар, улирал, жилд улсын төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 30 хувиас хэтрэхгүй байна.
15.14.Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15 дугаар зүйлийн 15.2-т заасан урамшуулал давхцахгүй.
15.15.Албан татвар төлөгчийн импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварт энэ хуулийн 15.2 дахь хэсэг хамаарахгүй.