Хөрөнгийн орлого
Ямар төрлийн орлогууд хамаарах вэ
Хөрөнгийн орлогод дараах орлогыг хамруулна:
Хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний орлого;
Эрхийн шимтгэлийн орлого;
Ногдол ашгийн орлого;
Хүүгийн орлого;
Орлогыг хэрхэн тодорхойлох вэ
- Хөрөнгө ашиглуулсны, эсхүл түрээслүүлсний нийт орлогоос тухайн хөрөнгийг ашиглуулах, эсхүл түрээслүүлэхтэй холбогдон гарсан баримтаар нотлогдох зардлыг хассан зөрүүгээр;
- Эрхийн шимтгэлийн орлогыг нийт дүнгээр;
- Ногдол ашгийн орлогыг нийт дүнгээр;
- Хүүгийн орлогыг нийт дүнгээр тус тус татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
Албан татвар төлөгчийн хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж татан буугдсан бол албан татвар ногдуулах орлогыг албан татвар төлөгчийн эзэмшилд байгаа хувьцаа болон хувь нийлүүлсэн хөрөнгөд хувь тэнцүүлэн хуваарилсан орлогын дүнгээс уг хувьцаа болон хөрөнгийг анх худалдан авсан үнэ, хувь нийлүүлэхдээ гаргасан зардлыг хасаж тодорхойлно.
Албан татварын хувь хэмжээ
Дээрх аргаар тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар албан татвар ногдуулна
Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх эзэмшигч албан татвар төлөгчийн тухайн хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй холбоотойгоор олсон хүүгийн орлого, ногдол ашгийн орлогод 5 хувиар албан татвар ногдуулна.
Албан татварыг өөрөө тодорхойлж, төсөвт төлөх, тайлагнах
Албан татвар төлөгч хуулийн дагуу албан татвар ногдуулах орлогоо өөрөө үнэн зөв тодорхойлж, доор дурдсан хугацаанд албан татварыг холбогдох төсөвт төлнө.
- Хөрөнгө ашиглуулсны, эсхүл түрээслүүлсний нийт орлогоос тухайн хөрөнгийг ашиглуулах, эсхүл түрээслүүлэхтэй холбогдон гарсан баримтаар нотлогдох зардлыг хассан зөрүүгээр тодорхойлсон орлогод 10 хувиар тооцон тухай бүр албан татвар ногдуулан, дараа сарын 15-ны өдрийн дотор төсөвт төлнө.
Ногдуулсан албан татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
- Эрхийн шимтгэлийн орлогыг нийт дүнгээр, ногдол ашгийн орлогыг нийт дүнгээр, хүүгийн орлогыг нийт дүнгээр тус тус тодорхойлсон орлогод 10 хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төсөвт төлнө.
Хуульд заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.