Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого

2024-09-13 Уншсан: 164
 

Ямар төрлийн орлогууд хамаарах вэ

Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлогыг хамруулна:

  • .үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
  • газар эзэмших, ашиглах эрх болон бусад биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого;
  • хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
  • хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого.

Биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар төлөгч өөрийн эдийн бус хөрөнгө өмчлөх эрхийг хуульд заасны дагуу бусдад шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна.

 
 

Хэрхэн тодорхойлох вэ

  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнгээр;
  • Газар эзэмших, ашиглах эрх болон бусад биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого; хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогоос доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хассан дүнгээр. Үүнд: 
  • Эрх авахтай холбогдуулан төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох зардал;                               
  • Хөрөнгийг худалдаж, шилжүүлж авах болон тэдгээртэй холбогдуулан төлсөн баримтаар нотлогдох зардал;
  • ХХОАТТХуульд заасан хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлогоос уг хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдох бусад зардлыг хассан дүнгээр;
  • Хамтран эзэмшиж байсан хувьцаа, үнэт цаас борлуулсан бол дээрх заалтын дагуу хассан дүнг тодорхойлсны дараа тухайн албан татвар төлөгчид ногдох хэсгийн үнийн дүнгээр.

Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлоход Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6-д заасан аргачлалыг баримтална.

 
 

Хувь, хэмжээ

       - Үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогын нийт дүнд 2 хувиар;

       - Газар эзэмших, ашиглах эрх болон бусад биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогооос тус тус баримтаар нотлогдох зардлуудыг хасч, тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар

     -  Хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлогоос уг хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдох бусад зардлыг хасч тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар тус тус тооцож, албан татвар ногдуулна.

 
 

Албан татвараас чөлөөлөх орлого

- Хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж;

- Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого;

- Гамшгийн үед олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар, хуулийн этгээд, иргэнээс Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн байгууллага, хуулийн этгээд, иргэнд үзүүлж байгаа тусламж;

- Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз;

- Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан этгээд хоорондоо газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон орлого;

- Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын орлого;

- Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний цалин, нэмэгдэл, гадаад улсад олсон орлого;

 
 

Албан татвар суутган тооцох, төсөвт төлөх

Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах орлогоо өөрөө үнэн зөв тодорхойлж, доор дурдсан хугацаанд албан татварыг холбогдох төсөвт төлнө.

Газар эзэмших, ашиглах эрх болон бусад биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, Хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого, Хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлогын дүнд тус тус  10 хувиар тооцон тухай бүр албан татвар ногдуулан, дараа сарын 15-ны өдрийн дотор холбогдох төсөвт төлнө.

Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн татварын жилд гадаад улсад олсон үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнгийн орлогод энэ хуулийн 2 хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор холбогдох төсөвт төлнө.

Албан татварын тайлан хүргүүлэх хугацаа

Суутган төлөгч ХХОАТТХуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнд ногдуулан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.

Албан татвар төлөгч ХХОАТТХуульд заасны дагуу, Газар эзэмших, ашиглах эрх болон бусад биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого; Хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого; Хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлогод ногдуулсан албан татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.